Уул уурхайн үйлдвэрлэл

1940-өөд оны сүүлчээр Бороод, 1950-иад онд Цагаанчулуутад хоригдлын хүчээр алт олборлох болсноор Засан хүмүүжүүлэх байгууллагын уул уурхайн үйлдвэрлэлийн түүх эхэлдэг.

Түүхэн ховор агшныг дүрслэн үлдээсэн нэгэн гэрэл зурагт, урт том ширээний эхэнд Маршал X. Чойбалсан, нөгөө талд нь Д. Сүрэнжав, С. Лувсан, Д. Моломжамц, баруун, зүүн | талаар нь ДЯЯ-ны Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериуд ба Хорих ангиудыг удирдах газрын дарга Ц. Батхүү, алтны үйлдвэрийн /1 онцгой лагерь/ дарга Ц. Балжинням нар зогсч, тэдний урьд олон гулууз алт өрөөтэй байгааг үзүүлжээ.

Онцгой лагерь 1950 оны алт гаргах төлөвлөгөөг 109,3 хувиар биелүүлж системийн уралдаанд I байр эзэлж байснаас үзэхэд тэр үед улсын санд ямар их хувь нэмэр оруулж байсан нь тодорхой.

1951 онд 50 кг алт олборлож, төлөвлөгөөгөө 304 хувиар биелүүлж байсан тухай тэр үеийн Бороогийн онцгой лагерьт улс төрийн орлогч байсан ахмад ажилтан, генерал О. Отгонжаргал гуай тэмдэглэн хэлсэн байдаг.

Мөн 1950-иад онд 50-75 кг алт олборлож улсын санд тушаадаг байсан тухай Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериудыг удирдах газрын санхүүгийн хэлтэс, газрын орлогч даргаар ажиллаж байсан Ж.Сундуйжав дурсамждаа өгүүлжээ.

Ер нь энэ үед алт олборлох ажлыг ихээхэн чухалчилаж байсны баримт бол ДЯЯ-ны сайдын 1951 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 929 тоот тушаалд “Цагаан чулуут ба Ерөө голын участкууд дээр уурхайн ба элсний алт хайгуулийн ажилд энэ онд 30000 төгрөгийг лагерийн үйлдвэрийн төсвөөс санхүүжүүлэхийг Засан хүмүүжүүлэх газрын дарга, хурандаа Бүрнээд даалгах” шийдвэр гаргаж байсан явдал юм.

БНМАУ-ын СнЗ-өөс 1968 онд “Их хайрханы вольфрамын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 436, 1969 онд “Гялтгануурын орд газар ашиглах тухай” 290.1982 онд “Авдарантын ордыг ашиглах зарим арга хэмжээний тухай” 313 дугаар тогтоолуудыг гаргаж, хэрэгжүүлэх өргөн цар хүрээтэй ажил зохиогдох болсон байна.

50-иад оноос ЗХБ-ын эрхлэх уул уурхайн үйлдвэрлэлийн хүрээ өсч хэд хэдэн газар нүүрс, чулуу, жонш олборлох үйлдвэрүүдийг нэмэн байгуулсан байна. Тухайлбал БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1954 онд Налайхад, 1969 онд Ховдын Ганц модонд нүүрсний, 1963 онд Мааньтад шохойн, Хар-Айрагт жоншны хүдэр гаргах, 1964 онд Дундговь аймгийн Цагаан-Овоо суманд альбастрын, түүнчлэн Гачууртад чулуу олборлох, 1968 онд Харчулуутад гянтын /гянт болд/, 1969 онд Ховд аймгийн Үенч сумын Бодончид гялтгануурын, 1971 онд Дорноговь аймгийн Хажуу-Улаанд жонш олборлох, 1982 онд Авдарантад боржин чулууны үйлдвэр эрхлэх үүрэг бүхий анги, колониудыг шинээр байгуулжээ.

Төрөөс дээрх үйлдвэрүүдийг мэргэжилтэй боловсон хүчин-инженер техникийн ажилчдаар хангах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээг системтэйгээр авч хэрэгжүүлж ирсэн юм.

Бодонч, Хажуу-Улааны уурхайнуудад зөвлөлтийн мэргэжилтэн инженер, маркшедр нар ажиллаж байжээ.

ЗХХБ-д 41 жил ажилласан бэлтгэл дэд хурандаа Сурэнгийн Харцага гуайн 1994 онд бичсэн дурсамжинд Хар-Айраг, Хажуу-Улааны жонш олборлох уйлдвэрийн талаар нилээд дэлгэрэнгүй өгуулсэн байдаг.

Дорноговь аймгийн Хар-Айраг, Хажуу-Улаан, Хэнтий аймгийн Галшар, Дархан-Уул сумын нутгаас ил аргаар жонш олборлох уйлдвэр нь бүтээгдэхүүнээ ЗХУ-д олон жилийн турш нийлүүлж ирснээр эх орныхоо валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан байна. Үүнтэй холбогдуулан Хар-Айраг дахь онцгой дэглэмийн ЗХХ-ийн колонийн даргаар олон жил ажиллан МАХН-ын ХҮII Их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож явсан, бэлтгэл хурандаа Хандын Лувсандамбаа юу гэж дурсан өгүүлснийг сийрүүлье. Тэрээр: “Хар-Айраг дахь ЗХХ-ийн колони жил бур 40-120 мянган тн хайлуур жоншийг бэлтгэж, 1-р зэргээр ангилж вагонд ачуулж ЗХУ-д нийлүүлэн, Улсынхаа экспортын эх суурийг арвижуулахад жинтэй хувь нэмэр оруулж байсан юм” гэжээ. Ер нь 1960-аад онд Монгол Улс малыг хөлөөр нь гадаадад гаргаж байсан байдаг. Харин үйлдвэрийн бүтээгдэхүүнээ, ялангуяа жоншийг экспортод гаргаж байсан байгууллага төдий л олон биш болов уу?

Монголросцвөтмет нэгдэл 2003 оны 12 дугаар сард 30 жилийн ойгоо тэмдэглэв. Монголоос гаргаж буй жонш ОХУ-ын жоншны хэрэгцээний 55 хувийг эзэлдэг гэдэг. Гэхдээ Монгол Улсын жоншны экспортын эх суурийг тавьсан нь Засан хүмүүжүүлэх байгууллага юм.

Төв аймгийн Баян сумын төвд байгуулагдсан Мааньт дахь шохойн чулуу олборлох, боловсруулах үйлдвэр олон жилийн турш амжилттай ажиллаж Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрийг өөрийн бүтээгдэхүүнээр хангах үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн. Мааньт дахь Засан хүмүүжүүлэх байгууллагын колонийн үйлдвэрлэсэн тунгаасан шохой / лагшим/, Авдрантын боржин улсын үзлэгээр чанарын 1 ангид орж байсан нь саяхан билээ.

Ер нь 1940, 1950-иад онд Бороо, Цагаан-Чулуут, Бугантад онд алт олборлон эх орны мөнгөн тэмдэгтийн баталгааг нэмэгдүүлсэн, 1960-аад оноос хойт, урд хөршдөө хайлуур жонш, зүсмэл модон материал, гуалин экспортлож эхлэн валютын эх үүсвэрийн өсөлтөнд хүч боломжийн- хоо хирээр тусалсан байгууллага Монгол Улсад Засан хүмүүжүүлэх байгууллагаас өөр хэд хичнээн байдаг бол гэсэн асуулт аяндаа гарч байгаа юм. Тэгвэл Засан хүмүүжүүлэх байгууллага V, VI таван жилд /1970-1980 хүртэл/ экспортод гуалин, зүсмэл материал, жонш зэрэг 118,0-142,1 сая төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж байжээ.

ЗХХБ-ын экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үр өгөөжийг улам дээшлүүлэхэд чиглэгдсэн олон ажил зохиогдож байлаа.

Сайд нарын Зөвлөлийн 1973 оны 347 дугаар тогтоолын дагуу Сангийн яам, Гадаад худалдааны яамтай зөвшилцсөний үндсэн дээр Засан хүмүүжүүлэх байгууллага экспортын телөвлөгөөг давуулан биелүүлсний шагналын валютаас үйлдвэрлэлийнхээ хэрэгцээний онц шаардлагатай тоног төхөөрөмжийг гадаад орнуудаас худалдан авах давуу эрх эдэлдэг байв.

ЗХУ-ын Востокинторг нэгдлийн дарга С. Я. Эйпштейн болон бусад нөхдийг ЗХБУГ-ын удирдлага хэд хэдэн удаа хүлээн авч уулзан экспортын гуалин, зүсмэл, жоншны нийлүүлэлт, харилцан хамтын ажиллагааны талаар ярилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байсан тухай олон баримт байдгийг дурдаж болох юм.

БНХАУ-д нийлүүлдэг гуалингийн талаар үүссэн зарим маргаантай асуудлыг ч нэг бус удаа хамтран шийдвэрлэж байжээ.