Барилга, барилгын материалын үйлдвэрлэл

Засан хүмүүжүүлэх байгууллагын барилга үйлдвэрлэлийн ажлын эхлэл нэлээд дээр үеэс улбаатай. Эхний үед хоригдол барилгачид зөвхөн Засан хүмүүжүүлэх байгууллагын өөрийн хэрэгцээний хоригдлын байр, ахуй үйлчилгээний жижиг цэг салбарын барилгыг барьдаг байжээ.

30-аад оноос улсын чанартай томоохон барилга байгууламжуудыг барьж эхэлсэн байна. Нийслэл Улаанбаатар хотын эх нялхсын төвийн дэргэдэх хүүхдийн I эмнэлгийн барилгыг (одоогийн МҮИС) хоригдлын хүчээр 1931-1932 онд барьсан, 1946 онд Д.Сүбаатарын хөшөөг урлан босгосон  тухай түүхэн материалд тэмдэглэсэн байдаг.

Мөн тухайн цаг үе дэх улс орны барилгажуулалтын ажилд хоригдлын хүч хөдөлмөр оролцон ямар их идэвх чармайлт гарган ажиллаж байсны нэг тод жишээ бол Монгол Улсын гавъяат барилгачин Дамдингийн Эмээлтийн тухай “Алдар гавъяаны өргөө” номд тодорхой дурдсан явдал юм.

40, 50-иад оноос барилга байгууламж барихад хоригдлын хүчийг ашиглах ажиллагаанд зохион байгуулалтын хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хороо 1950 оны 5 дугаар сарын 26- ны өдөр “Барилгын хэрэг эрхлэх ерөнхий газрын харъяа барилгууд дээр хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, барилгын ажлын чанарыг сайжруулах арга хэмжээний тухай” 121/25 дугаар тогтоол гаргаж олон чухал арга хэмжээ авахаар заасны дотор барилга барих ажилд ажиллаж байгаа хоригдол ажилчдын тоог 4000-д хүргэхийг ДЯЯ-ны сайд Дүйнхоржавт даалгажээ. Үүнтэй холбогдуулан ДЯЯ-ны харъяа Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериуд ба хорих ангиудыг удирдах газрын хэмжээнд хоригдлын хүчийг төвлөрүүлэн барилгын ажилд хуваарилахтай холбогдсон зохион байгуулалтын зарим ажил хийгдсэн байна.

Хоригдлын хүчээр Засгийн газрын барилга /хожмын Улсын багшийн их сургууль/, нэгдүгээр 10 жилийн дунд сургууль, гяндангийн барилга /хожмоо арьс өнгөний больниц байсан/, ДЯЯ-ны контор, эмнэлгийн барилгуудыг барьж, Сүхбаатарын талбайн тохижилтыг хийж, Налайх- Хонхорын 18 км урт өргөн төмөр замыг барьж байгуулсан байна.

СнЗ-өөс 1954 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Тус улсын дотор барилгын ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоол гаргаж, Замын хэргийг эрхлэх ерөнхий газрыг татан буулгаж, ДЯЯ-ны харьяа Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериуд ба хорих ангиудыг удирдах газрын /ЗХҮЛ ба ХАУГ/ харьяалалд өгч цаашид үйл ажиллагаагаа явуулахыг заажээ. Уг тогтоолд зааснаар ЗХҮЛ ба ХАУГ-т Барилгын хэрэг эрхлэх ерөнхий газар, Улсыг батлан хамгаалах яамны барилга инженерийн хороо болон Улаанбаатар хотын барилга, бусад байгууллагуудад шаардагдах мод, чулуу, альбастер, тоосго зэрэг барилгын материал бэлтгэх, тээвэрлэж хэрэгцээт газар нь хүргэх үүргийг хүлээлгэсэн байна. Энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор 1954 онд ДЯЯ-ны сайдын 36 тоот тушаал гарч байжээ.

Төрөөс хүлээлгэсэн үүргээ хэрхэн биелүүлж байсныг илтгэх нэгэн жишээ бол тэр үеийн ЗХҮЛ ба ХАУГ-ын зөвхөн нэг салбар болох Түнхэл дэх II лагерь 1957 оны 10 дугаар сарын 7-ны байдлаар 48296 шоометр гуалин бэлтгэж, жилийн төлөвлөгөөгөө 2 сарын өмнө 120,7 хувиар биелүүлж байсан түүхэн баримт юм. Энэ байдал нь нэг хэсэгтээ л Монгол Улсын барилгын материалын үйлдвэрлэл, тээвэрлэлтийг засан хүмүүжүүлэх байгууллага хариуцан гүйцэтгэж байсныг харуулж байна.

ЗХБ-ын Барилгын материалын үйлдвэрлэл 50, 60-аад онд үе шаттайгаар өргөжин Гачууртад чулуу, тоосгоны, Дорноговьд альбастерийн үйлдвэр, Туул голоор сал урсган мод бэлтгэх ажлууд ихээхэн өрнөлттэй явж иржээ. Мөн Бугантын колоныхон 40-50 мянган шоомөтр гуалинг Ерөө голоор урсуулан тууж Дулаанхааны мод дамжуулах баазад хүргэж байсан баримт бий.

Сайд нарын Зөвлөлөөс 1959 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “Хоригдлыг барилгын ажилд ажиллуулах тухай” 16 дугаар тогтоол гаргаж, түүнд Цэрэг ба НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх газрын харъяанд байгаа хот, хөдөөгийн бүх хөдөлмөрлөвөл зохих хоригдлыг анги байгууллага, материал техникийн баазын нь хамт Улсын барилгын хороонд харъяалуулж шууд удирдуулсугай хэмээн заасан байна.

Дээр дурьдсан гурван удаагийн тогтоолын заалтаас үзэхэд Монгол Улсын барилга, хот байгуулалтын түүхэнд хорих байгууллага томоохон байр суурь эзлэх учиртайг төдийгүй зарим тохиолдолд бүр анхдагч болохыг харуулж байна.

70-аад оны дунд үеэс ЗХБ нь барилгын бие даасан ангийг Улаанбаатар хот, Зүүнхараа, зам ангийг Бэрлэг, Мөнгөнморьт зэрэгт байгуулан ажиллуулж эхлэв. ЗХБ-ын өөрийн төрөлжсөн барилгын байгууллагын хүчээр 60,70,80-аад онд өөрийн систөмийн төв, хөдөөгийн байгууллагын хэдэн зуугаар тоологдох барилгууд, түүнчлэн Ха-Айргийн уурхайчдын хотхоны барилга, Нийслэл Улаанбаатар хотын баруун жигүүрт тус бүр нь 500-1000 тн-ы ногооны зоорийн 60 гаруй барилга, төв бараа баазын агуулахууд, өмнөд хэсэгт буюу Хүүшийн аманд 3000 гаруй тоннын багтаамж бүхий мөсөн зоорь, Зүүн хэсэгт буюу Баянзүрхэд ногооны зоорь, ЦДС-ийн /одоо Цагдаагийн акадөми/ хичээлийн байрын тус бүр нь 5 давхар гурван барилга, 600 хүний клуб, 500 хүний гуанз, эмнэлэг, 48 айлын орон сууцны барилгуудыг барьж ашиглалтанд өгсөн байна. Мөн НАХЯ-ны 48, 60 айлын орон сууцны барилгууд, Улсын дээд шүүхийн өргөтгөл зэргийг барьсан юм. Үүнээс гадна Өвөрхангай, Төв, Хэнтий аймгийн хэд хэдэн сумын төв, бригад, хэсгийн болон сургууль, худалдаа үйлчилгээ, түүнчлэн Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан сувиллын барилга байгууламж зэрэг олон зуугаар тоологдох барилгуудыг барьж ашиглалтанд оруулжээ.

Засан хүмүүжүүлэх байгууллагын барилгын матөриалын үйлдвэрлэлийн томоохон хэсэг бол мод бэлтгэх, боловсруулах ажил байсан тухай өмнө дурдсан билээ.

СнЗ-өөс 1960 онд гаргасан 86 дугаар тогтоолд ЗХБ-ын үйлдвэрлэлийн гол чиглэл нь мод бэлтгэл болохыг тэмдэглээд, мөн оны мод бэлтгэх төлөвлөгөөг 100 мянган шоометрээр нэмэгдүүлэх, Бэрлэг, Ялбагт жилдээ 50-80 мянган шоометр мод бэлтгэх, түүнчлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сум, Хэнтий, Завхан аймагт мод бэлтгэлийн анги байгуулахыг заажээ. Мөн шаардагдах барилгын модон матөриалын захиалгыг жил бүр гарган НАХЯ-нд өгч байхыг Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Завхан зэрэг холбогдох аймгийн АДХГ захиргааны дарга нарт үүрэг болгов. Энэ байдал нь манай улсын нутгийн баруун, зүүн хэсэг, өмнө талын зарим аймгийн барилга үйлдвэрлэлд шаардагдах модон материалыг ЗХБ бэлдэх үүрэг авч, түүнээ хэрэгжүүлэхэд чиглэсэн удирдлага, зохион байгуулалтын асар их ажил хийгдсэнийг харуулж байна.

Зөвхөн мод бэлтгэл, боловсруулалтын ажлыг дагнан хариуцуулахаар 60-аад онд Бугант, Ерөө, 70, 80-аад онд Бат-Өлзийт, Хархорин, Бэрлэг, Мөнгөнморьт, Багануур зэрэг анги колониудыг шинээр байгуулан ажиллуулж иржээ. Эдгээрийн нилээд нь саяхан болтол мод бэлтгэх, боловсруулах, ойг нөхөн сэргээх чиглэлээрээ ажиллаж байв.

1970-аад оноос БНХАУ-д гуалин, ЗХУ-д жонш, зүсмэл материал, гуалин нийлүүлж байв. Экспортын төлөвлөгөөг биелүүлэхэд СнЗ, Гадаад худалдааны Яам болон НАХЯ- ны удирдлага ихээхэн анхаарч байсны дүнд 1970-1981 оны төлөвлөгөө 100,0-108,0 хувиар биелэгдэж, жилд 27-35 мянган м3 гуалин, 40000 тонн жонш экспортолж байв. Энэ хэдэн тооны цаана гэхэд л хэд хичнээн хүн хөдөлмөрлөж, ямар их бүтээлч ажил өрнөж байсан нь тодорхой байдаг.

Бугант, Бэрлэг, Зүүнхараа, Мөнгөнморьт, Багануур дахь мод бэлтгэлийн колониудын даргаар 23 жил ажилласан, бэлтгэл хурандаа Балчингийн Нацаг дурсамжиндаа “Зүүнхараагийн колони ЗХБУГ-ын системийн нийт үйлдвэрлэлийн жилийн төлөвлөгөөний 35-40 хувийг биелүүлдэг байсан…24 цагт 1100 шоометр гуалин хүлээн авч зүсэлтэнд оруулан, мөн хугацаанд 700 гаруй шоометр зүсмэл материал гарган, 22 вагонд 624 шоометр зүсмэлийг малгайлан ачиж дуусчихаад, ЗХБУГ-т мэдээгээ өгч, бид хувцасаа ч сольж чадалгүй шинэ жилээ тэмдэглэхээр улаан буландаа ордог байсан” гэж тэмдэглэсэн нь тэр үөд буцалж байсан олон ажлын бас нэг тод жишээ билээ.

Барилга, барилгын матөриалын үйлдвэрлэл, ялангуяа мод бэлтгэх, зөөж тээвэрлэхэд засч сайжруулсан зам, гүүр ямар их ач холбогдолтой болох нь тодорхой билээ. Уул даваа, ус намаг бүхий хөвч тайгад шинээр зам тавьж, гүүр барьж байгуулна гэдгийг тухайн үед “Засангийхан” л хийж чадаж байсны жишээ олон бий. “Энэ тухай ахмад ажилтан, хурандаа

Дэндэв дурсамждаа тодорхой өгүүлсэн байдаг. Мөн замын ангийн даргаар ажиллаж байсан, бэлтгэл хошууч Ц.Доржхорлоо нар “… бид 1979 онд Бэрлэгийн Цагаан тохойн чиглэлд 65 км зам шинээр тавьж, 16 аманд модон гүүр барьсан гэж”, мөн 1981 онд Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын сав “Таван салаа” гэдэг газар 117 метр модон гүүр барьж, улсын комисст “Онц” үнэлгээтэй өгч байсан тухайгаа Шадавын Бухаа дурсамждаа тодорхой өгүүлсэн нь буцалж байсан олон ажлын зарим нэг жишээ болж байна.