ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬД ЭЛСЭХ ЖУРАМ

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ

ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.         Хууль сахиулахын их сургуулийн /цаашид ХСИС гэх/ боловсролын зэрэг олгох бүх төвшний сургалтад суралцагч элсүүлэхтэй холбогдон үүсэх нийтлэг харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.         ХСИС-ийн элсэлтийн шалгалт зохион байгуулах нийтлэг журам /цаашид элсэлтийн журам гэх/ нь Монгол Улсын “Боловсролын тухай хууль”,“Дээд боловсролын тухай хууль”, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль,  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, ХСИС-ийн “Дотоод журам”, захиалагч агентлаг, байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэх, сонгон шалгаруулахтай холбогдох харилцааг зохицуулсан  бусад хууль, эрх зүйн актуудад нийцсэн байна.

1.3.         Энэхүү нийтлэг журмаар тогтоосон хэм хэмжээнд үндэслэн тухайн хичээлийн жилд мөрдөх мэргэжлийн боловсрол, сургалт, бакалавр, Удирдлагын сургууль, магистр, докторын зэрэг олгох сургалтын төвшин бүрийн элсэлтийн шалгалт зохион байгуулах  журмыг элсэлтийн шалгалтын төв комисс /цаашид төв комисс гэх/-ын хуралдаанаар хэлэлцүүлэн ХСИС-ийн захирлаар батлуулж, мөрдөнө.

1.4.         ХСИС-ийн боловсролын зэрэг олгох тухайн төвшний сургалтын элсэлтийн шалгалт зохион байгуулах журмаар элсүүлэн суралцуулах мэргэжлийн чиглэл, шалгалтын төрөл, агуулга, дэг, суурь ба хавсралт шалгалтын босго оноог тогтоож, чанарын оноог бодох аргачлал, элсэлт зохион байгуулах хугацаа зэргийг заана.  

1.5.         ХСИС-ийн элсэлтийн бүртгэлийн санд бүртгүүлсэн иргэнийг “Элсэхийг хүсэгч”, зохих шаардлага, шалгуурыг хангаж, элсэлтийн хяналтын тоонд багтсан элсэхийг хүсэгчийг “Элсэгч”, хууль сахиулах албанд ажиллаж буй иргэнийг “Алба хаагч”, элсэлтийн цахим бүртгэлийн мэдээллийг “Бүртгэлийн сан” элсэлтийн шалгалтыг зохион байгуулахаар томилогдсон бүрэлдэхүүнийг “Элсэлтийн шалгалтын комисс”, сургууль өөрийн онцлогт тохируулан авч буй бие бялдар, сэтгэл зүйн сорил, ярилцлагыг “Нэмэлт шалгалт”, элсэхийг хүсэгчийн шалгалтуудын оноо,үнэлгээний мэдээлэл бүхий хуудсыг  “Шалгалтын хуудас” гэнэ.

1.6.         Элсэлтийн шалгалтын комисс нь /цаашид элсэлтийн комисс гэх/ элсэлтийн шалгалтыг хууль ёсны, шударга, нээлттэй байх, мэдээллийн хүртээмжтэй, шуурхай байдлыг хангах, зарчмуудыг удирдлага болгон хараат бусаар бие даан зохион байгуулна. 1.7.         ХСИС-д гадаадын иргэнийг элсүүлэх асуудлыг холбогдох журмаар зохицуулна.

1.8.         Элсэлтийн шалгалтын үйл ажиллагааны зардлын  тооцоонд үндэслэн элсэхийг хүсэгчээс хураах  хураамжийн хэмжээг элсэлтийн төв комисс шийдвэрлэнэ.

1.9.         Энэхүү журам болон элсэлтийн шалгалттай холбогдох мэдээллийг ХСИС-ийн “www.leu.gov.mn”болон захиалагч агентлаг, байгууллагуудын цахим хуудсанд байршуулна.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН КОМИСС, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ

2.1.         Элсэлтийн шалгалтыг төв ба салбар комисс зохион байгуулна.Элсэлтийн шалгалтын төв комисс /цаашид төв комисс гэх/-ын бүрэлдэхүүнийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, салбар комиссын бүрэлдэхүүнийг ХСИС-ийн захирлын тушаалаар тус тус томилно.

2.1.1.     Төв комисс нь Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байнгын комисс байна.

2.1.2.     Элсэлтийн шалгалтын салбар комисс /цаашид салбар комисс гэх/ нь боловсролын зэрэг олгох сургалтын төвшин бүрээр байгуулагдах ба бүрэлдэхүүнийг төв комиссын санал болгосноор ХСИС-ийн захирал батална.

2.2.         Төв ба салбар комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

2.3.         Төв комиссын чиг үүрэг:

2.3.1.     Тухайн хичээлийн жилийн төв комиссын ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж,  салбар комиссын бүрэлдэхүүний саналыг ХСИС-ийн захиралд хүргүүлэх;

2.3.2.     Тухайн хичээлийн жилийн боловсролын зэрэг олгох сургалтын төвшин бүрийн элсэлтийн шалгалт зохион байгуулах журмын төслийг хэлэлцэж, батлуулахаар ХСИС-ийн захиралд хүргүүлэх;

2.3.3.     Элсэлтийн журамтай холбогдон гарсан санал, гомдлыг шийдвэрлэх, боловсронгуй болгох саналыг ХСИС-ийн захиралд танилцуулах;

2.3.4.     Элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдон гарах зардлын тооцоог гаргаж, элсэхийг хүсэгчээс хураах хураамжийн хэмжээг тогтоох;

2.4.         Элсэлтийн төв комиссын даргын бүрэн эрх:

2.4.1.     Салбар комиссын ажлын төлөвлөгөөг батлан, мэргэжлийн хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулах;

2.4.2.     Элсэлтийн комиссын хуралдааныг  удирдах;

2.4.3.     Элсэлтийн комиссыг  нэгдсэн удирдлагаар хангах;

2.4.4.     Элсэлтийн шалгалттай холбоотой иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх;

2.4.5.     Элсэлтийн шалгалтын явцад комиссын гишүүдийн гаргасан зөрчлийг шалгах, өөрчлөн томилуулах саналыг ХСИС-ийн захиралд танилцуулж, шийдвэрлүүлэх;

2.4.6.     Элсэлтийн шалгалтын явц, үр дүнгийн тайланг ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад тайлагнах;

2.4.7.     Элсэхийг хүсэгчид  хөнгөлөлт үзүүлэх хүсэлттэй танилцаж,  шийдвэрлэх;

2.4.8.     Элсэлтийн шалгалттай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх;

2.5.         Салбар комисс нь мэргэжлийн боловсрол олгох, бакалавр, Удирдлагын сургууль, магистр,  докторын зэрэг эзэмшүүлэх сургалтын  чиглэлээр байгуулагдаж, дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.5.1.     Элсэлтийн шалгалтын талаар олон нийтэд мэдээлэх, сурталчлах;

2.5.2.     Батлагдсан төлөвлөгөөний дагуу элсэлтийн шалгалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх;

2.5.3.     Элсэлтийн шалгалтын дүнг нэгтгэж, төв комисст танилцуулж, шийдвэрлүүлэх;

2.5.4.     Элсэлтийн шалгалтын журмыг боловсронгуй болгох санал гаргах;

2.5.5.     Элсэлтийн шалгалттай холбоотой мэдээ, тайланг тогтоосон загварын дагуу гаргаж, төв комиссын нарийн бичгийн даргад хүргүүлэх зэрэг болно.

2.6.         Элсэлтийн шалгалтад эцэг, эхийн төлөөллийг оролцуулан хөндлөнгийн хяналт хийлгэж болно.

ГУРАВ. СУРАЛЦУУЛАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ, СУРГАЛТЫН ХЭЛБЭР

3.1.      ХСИС нь  хууль сахиулагчдыг Хөдөлмөрийн яамнаас олгосон “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хүрээнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалт, БШУЯ-наас олгосон “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хүрээнд  бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтуудад тус тус шатлан мэргэшүүлж  бэлтгэнэ.

3.2.      Хууль зүйн яамны харьяа  захиалагч агентлаг, байгууллагууд нь  тухайн жилд элсүүлэх  мэргэжлийн чиглэл, боловсон хүчний захиалгыг жил бүрийн 02 сарын 01-ний дотор ХСИС-д ирүүлнэ.

3.3.      ХСИС захиалгат боловсон хүчнийг бэлтгэх эрэлт, хэрэгцээ, шаардлага, боломж, нөхцөлийг судлан Хууль зүйн яамтай зөвшилцөн элсэгчдийн хяналтын тоог тогтоон, мэргэжлийн боловсролын сургалтад элсэгчдийн  хяналтын тоог Хөдөлмөрийн яамаар, бакалаврын зэрэг олгох, сургалтад элсэгчдийн хяналтын тоог БШУЯ-аар тус тус батлуулна.

3.3.        Магистр, докторын сургалтад элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоог мэргэжлийн профессорын багуудын саналыг үндэслэн ХСИС-ийн захирал батална.

3.4.       Элсэлтийн комисс нь Хөдөлмөрийн яамнаас баталсан хяналтын тооны хүрээнд мэргэжлийн боловсролын, БШУЯ-наас баталсан хяналтын тооны хүрээнд бакалаврын  боловсролын, ХСИС-ийн захирлын тушаалаар баталсан хяналтын тооны хүрээнд магистр, докторын зэрэг олгох сургалтын элсэлтийн шалгалтыг тус тус зохион байгуулна.

3.5.       ХСИС нь элсэлтийн шалгалтыг улс, аймаг, хот, бүсийн хэмжээнд зохион байгуулж болно.

3.6.        ХСИС нь боловсролын зэрэг олгох бүх төвшний сургалтыг өдөр, эчнээ, экстернат, зайн хэлбэрүүдээр зохион байгуулж   болно.

3.7.        Элсэхийг хүсэгч суралцах мэргэжлийн чиглэл, боловсролын төвшин, сургалтын хэлбэрээ сонгож,  элсэлтийн шалгалтад орно.

 ДӨРӨВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

4.1.       ХСИС-ийн боловсролын зэрэг олгох бүх төвшний сургалтад элсэхийг  хүсэгчид тавих шаардлага нь эзэмшсэн боловсрол, суралцах сургалтын хэлбэрээс хамааран ялгаатай     байна.

4.1.1.     Мэргэжлийн боловсролын сургалтад  элсэхийг хүсэгч нь бүрэн дунд болон  дээд боловсрол эзэмшсэн, энэ журмын 4.3.3.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан иргэн байна.

4.1.2.     Бакалаврын зэрэг олгох өдрийн сургалтад элсэхийг хүсэгч нь ХСИС-д мэргэжлийн боловсрол эзэмшсэн сонсогч, энэ журмын 4.3.3.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан мэргэжлийн боловсролтой болон дээд боловсролтой алба хаагч байна. 4.1.3.     Бакалаврын зэрэг олгох 5.5 жилийн эчнээ сургалтад элсэгч нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн, энэ журмын 4.2.3.2 дахь заалтаар тодорхойлсон насны хязгаарт нийцсэн алба хаагч байна.

4.1.4.     Бакалаврын зэрэг олгох 3 жилийн эчнээ сургалтад элсэхийг хүсэгч нь дээд боловсрол эзэмшсэн, энэ журмын 4.2.3.2 дахь заалтаар тодорхойлсон насны хязгаарт нийцсэн алба хаагч байна.

4.1.5.     Удирдлагын сургуульд элсэхийг хүсэгч нь захиалагч байгууллагын үндсэн чиглэлээр мэргэжил эзэмшсэн,тодорхой албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн,  энэ журмын 4.2.3.3 дахь заалтаар тодорхойлсон насны хязгаарт нийцсэн алба хаагч байна.

4.1.6.     Магистр, докторын зэрэг олгох сургалтад элсэхийг хүсэгч нь хууль сахиулах албанд болон бусад хуулийн байгууллагад ажиллаж буй тухайн мэргэжлээр бакалавр, магистрын  зэрэг эзэмшсэн алба хаагч байна.

4.2.      ХСИС-д элсэхийг хүсэгчид  тавих нийтлэг шаардлага:

4.2.1.     Нүүрний хэлбэр төрх зөв, ил харагдах 20Х05  мм-ээс том сорви, шивээсгүй, бие эрхтний гэмтэл согоггүй,  эрүүл байх; 4.2.2.     Биеийн өндөр: Эрэгтэй 165 см  ба түүнээс дээш, эмэгтэй 160 см ба түүнээс дээш байх;

4.2.3.     Боловсролын зэрэг олгох тухайн сургалтын төвшинд тавигдах насны хязгаарт нийцсэн байх;

4.2.3.1.  Мэргэжлийн боловсрол, бакалаврын зэрэг олгох өдрийн сургалтад элсэхийг хүсэгч эрэгтэй 17-оос 25 хүртэл, эмэгтэй 17-20 хүртэл настай байх;

4.2.3.2.  Бакалаврын төвшний эчнээ сургалтад элсэхийг хүсэгч алба хаагч нь  тухайн агентлаг, байгууллагын хүний нөөцийг бэлтгэх, сонгон шалгаруулахтай холбогдох харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн актуудаар тогтоосон насны хязгаарт нийцсэн байх;

4.2.3.3.  Удирдлагын сургуульд элсэхийг хүсэгч алба хаагч нь захиалагч байгууллагын тодорхой албан тушаалд тавигдах насны хязгаарт  нийцсэн байх;

4.3.        Тусгай  шаардлага:

4.3.1.     Мэргэжлийн боловсролын сургалтад элсэхийг хүсэгчид тавих тусгай шаардлага:

4.3.1.1.  Бүрэн дунд боловсрол эзэмшсэн элсэхийг хүсэгчийн ерөнхий шалгалтын батламж хүчинтэй,  ХСИС-ийн тухайн хичээлийн жилийн суурь ба хавсралт шалгалтын  босго онооны болзлыг хангасан байх;

4.3.1.2.  Дээд боловсрол эзэмшсэн  элсэхийг хүсэгчийн бакалаврын боловсролын дипломын  голч дүн тус сургуулийн тухайн хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын чанарын онооны босгыг хангасан байх;

4.3.2.     Бакалаврын зэрэг олгох өдрийн сургалтад элсэхийг хүсэгчид тавих тусгай шаардлага:

4.3.2.1.  ХСИС-д мэргэжлийн боловсрол эзэмшсэн сонсогчийн мэргэжлийн  үнэмлэхний голч  дүн 2.3 буюу түүнээс дээш , ерөнхий шалгалтын батламж хүчинтэй, ХСИС-ийн тухайн хичээлийн жилийн суурь ба хавсралт шалгалтын  босго онооны болзлыг хангасан байх;

4.3.2.2.  Хууль сахиулах албанд ажиллаж буй, мэргэжлийн боловсролтой алба хаагчийн мэргэжлийн үнэмлэхний голч дүн 2.3 ба түүнээс дээш, энэ журмын 4.3.2.1  болон 4.3.3.3 дахь  заалтад заасан шаардлагыг хангасан байх; 4.3.2.3.  Хууль сахиулах албанд ажиллаж буй дээд боловсролтой алба хаагчийн бакалаврын дипломын голч дүн тухайн хичээлийн жилийн ХСИС-ийн ерөнхий шалгалтын чанарын онооны босготой дүйх буюу их байх ба энэ журмын 4.2.3.1 болон 4.3.3.3 дахь заалтад заасан шаардлагыг хангасан байх;

4.3.3.     Бакалаврын зэрэг олгох эчнээ сургалтад элсэхийг хүсэгчид тавих тусгай шаардлага: 4.3.3.1.  Эчнээ хэлбэрийн 5.5 жилийн сургалтад элсэхийг хүсэгч бүрэн дунд боловсролтой, алба хаагч нь журмын 4.3.1.1 болон 4.3.3.3 дахь заалтад заасан шаардлагыг хангасан байх;

4.3.3.2.  Эчнээ хэлбэрийн 3 жилийн сургалтад элсэхийг хүсэгч нь ХСИС-ийн элсэлтийн комиссоос авах суурь ба хавсралт шалгалтын босго онооны болзлыг болон журмын 4.3.3.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байх; 4.3.3.3.  Захиалагч агентлаг байгууллагын холбогдох нэгжээс суралцахыг дэмжсэн зөвшөөрөл авсан байх;

4.3.4.     Удирдлагын сургуулийн магистрын төвшний мэргэжил олгох сургалтад элсэхийг хүсэгчид тавих тусгай шаардлагыг Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Хил хамгаалах, Онцгой байдлын болон хууль сахиулах бусад байгууллагын удирдах ажилтанд тавих албаны шаардлагыг үндэслэн  ХСИС-ийн “Удирдлагын сургуульд элсүүлэн суралцуулах тухай журам”-аар  тогтооно.

4.3.5.     Магистр, докторын зэрэг олгох өдөр, эчнээ, экстернат хэлбэрийн сургалтуудад элсэхийг хүсэгчид  тавих тусгай шаардлагыг ХСИС-ийн “Магистр, докторын сургалтын журам”-аар тогтооно.

4.3.6.     Агентлаг, байгууллагуудын захиалгат богино хугацааны мэргэжлийн сургалтад элсэхийг хүсэгчид тавих тусгай шаардлагыг ХСИС-ийн “Мэргэжлийн боловсрол, сургалтын   элсэлтийн шалгалт  зохион байгуулах журам”-аар тогтооно.

ТАВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ  БҮРТГЭХ 

5.1.         Элсэлтийн бүртгэлийг  цахим хэлбэрээр жил бүрийн 3-5 дугаар сард  явуулна.

5.2.         Элсэхийг хүсэгч тухайн хичээлийн жилд зөвхөн нэг мэргэжлээр, суралцах боловсролын төвшин, сургалтын хэлбэрээ сонгож бүртгүүлнэ.

5.3.         Бүртгүүлэхийн өмнө энэ журам болон элсэхээр сонгосон боловсролын төвшний тухайн хичээлийн жилийн “Элсэлтийн шалгалт зохион байгуулах журам”, бусад нэмэлт мэдээллүүдтэй  танилцсан байна.

5.4.         Бүртгүүлсэн элсэхийг хүсэгчдэд хувийн нууц код олгож, цахим хаягаар нь илгээнэ

5.5.         Мэргэжлийн боловсролын болон бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтад элсэхийг хүсэгч  ХСИС-ийн www.leu.gov.mn хаягаар нэвтрэн орж, цахим бүртгэлийн програмаас өгөгдөх зааварчилгааны дагуу мэдээллээ оруулан “Бүртгэлийн сан”-д бүртгүүлнэ.

5.5.1.      Элсэлтийн шалгалтын комисс нь мэргэжлийн боловсролын болон бакалаврын зэрэг олгох сургалтад элсэхийг хүсэгчдийн ерөнхий шалгалтын дүн Боловсролын үнэлгээний төвөөс зарлагдмагц, уг төвөөс суурь ба хавсралт шалгалтын оноонуудыг татан авч, чанарын онооны томьёонд шилжүүлэн тухайн хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын босго онооны болзол хангасан элсэхийг хүсэгчдийн жагсаалтыг гарган их сургуулийн элсэлтийн “Бүртгэлийн сан”-д байршуулна.

5.5.1.1.        Жагсаалтад багтсан элсэхийг хүсэгч “Бүртгэлийн сан”-аас суурь ба хавсралт шалгалтын оноо нь Боловсролын үнэлгээний төвөөс татагдаж, чанарын оноо  бодогдсон үнэлгээ бүхий “Шалгалтын хуудас”-аа хэвлэн авснаар ХСИС-ийн элсэлтийн нэмэлт шалгалтад орох эрх үүснэ.

5.5.1.2.        Нэмэлт шалгалтад орох эрх үүссэн мэргэжлийн боловсролын сургалтад элсэхийг хүсэгч энэхүү журмын 6.1 дэх хэсэгт заасан, бакалаврын зэрэг олгох сургалтад элсэхийг хүсэгч журмын 6.3 дахь хэсэгт заасан дэгийн дагуу элсэлтийн шалгалтад  орно.

5.5.2.      “Бүртгэлийн сан”-д бүртгүүлсэн магистр, докторын сургалтад элсэхийг хүсэгчийн тухайн сонгосон сургалтын хэлбэрт тавих шаардлагыг хангасан эсэхийг цахим хаягаар  нь мэдээлнэ.

5.5.3.      Магистр, докторын зэрэг олгох сургалтад тавих шаардлагыг хангасан тухай мэдээлэл авсан элсэхийг хүсэгч, холбогдох нотлох баримт бичгүүдийг бүрдүүлэн авчирч, энэ журмын  6.5 дахь  хэсэгт заасан элсэлтийн шалгалтад орно. 5.6.         Удирдлагын сургуульд элсэхийг хүсэгчдийн бүртгэлийг захиалагч агентлаг, байгууллагуудын Хүний нөөцийн нэгжийн албан бичгээр ирүүлсэн нэрсийн жагсаалтыг үндэслэн явуулж, журмын 6.4 дэх хэсэгт заасны дагуу элсэлтийн шалгалтыг я вуулна.

ЗУРГАА. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

6.1.      Мэргэжлийн боловсролын сургалтад элсүүлэх шалгалтыг дараах дэгийн дагуу зохион байгуулна.

6.1.1.  “Шалгалтын хуудас” бүхий  элсэхийг хүсэгч  нь  журмын 4.2 дахь хэсэгт тодорхойлсон ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг тогтоох үзлэгт   хамрагдана.

6.1.2.   Ерөнхий шаардлага хангасан элсэхийг хүсэгч Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг”-т эрүүл мэндийн  үзлэгт орж,  дүгнэлт гаргуулна.

6.1.3.  Эрүүл мэндийн үзлэгт  тэнцсэн элсэхийг хүсэгч нэмэлт шалгалт /бие  бялдрын шалгалт, сэтгэл зүйн сорил, ярилцлага/ өгнө. 6.1.3.1. Энэ журмын 6.1.1, 6.1.2 дахь  заалтуудад заасан шаардлагыг хангасан элсэхийг хүсэгчээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Е-21” тоот албан даалгавар, Хилийн цэрэг, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын алба хаагчдын бие бялдрын нормативтай харьцуулан боловсруулсан “ХСИС-д шинээр элсэн суралцах сонсогчдоос авах бие бялдрын шалгуур үзүүлэлт”-ийн нормативаар “Бие бялдар”-ын нэмэлт шалгалтыг авна.

6.1.3.1.1.    Бие бялдрын шалгалтын ”Хүч”,“Тэсвэр”,Уян хатан”,“Хурд”,“Авхаалж самбаа” гэсэн 5 чанарын аль нэгд нь шалгуулаагүй буюу “0” оноо авсан тохиолдолд тус шалгалтад тэнцээгүйд тооцно.

6.1.3.1.2.    Бие бялдрын шалгалтын нийлбэр онооны 50 хувь нь тус шалгалтын босго оноо байна. 6.1.3.2. “Сэтгэл зүйн сорил, ярилцлага”-ыг стандарт сорил, судалгааны аргуудыг ашиглан боловсруулсан шалгуураар авах ба “Тэнцэнэ”, “Тэнцэхгүй” гэсэн үнэлгээ өгнө. “Тэнцэхгүй” гэсэн үнэлгээ авсан элсэхийг хүсэгчдийг хэл яриа, мэдрэл, сэтгэл зүйн   чиглэлийн мэргэжлийн эмчид хандан нарийвчилсан үзлэгт оруулж, эмнэлгийн  дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ. 6.3.  Бакалаврын зэрэг олгох сургалтын элсэлтийн шалгалтыг дараах дэгийн дагуу зохион байгуулна.

6.3.1.     Бакалаврын төвшний өдрийн сургалтад  суралцахаар хүсэлт гаргасан энэхүү журмын 4.3.2.1 ба 4.3.2.2 дахь  заалтуудад заасан шаардлагыг хангасан элсэхийг хүсэгчдийн мэргэжлийн боловсролын үнэмлэхний голч дүнг чанарын оноонд шилжүүлсэн үнэлгээ ба  ерөнхий шалгалтын чанарын онооны   нийлбэрийг буурах эрэмбээр жагсааж, мэргэжил тус бүрийн хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулна.

6.3.2.  Бакалаврын төвшний өдрийн сургалтад элсэхийг хүссэн журмын 4.3.2.3 дахь заалтад заасан шаардлагыг хангасан элсэхийг хүсэгчийн дээд боловсролын дипломын голч дүнг ерөнхий шалгалтын  чанарын оноонд шилжүүлэн тооцож,  мэргэжил тус бүрийн хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулна.

6.3.3.  Бакалаврын зэрэг олгох эчнээ хэлбэрийн 5,5  жилийн сургалтад элсэхийг хүссэн журмын 4.3.3.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан алба хаагчдын ерөнхий шалгалтын оноог чанарын оноонд  шилжүүлэн буурах эрэмбээр жагсааж, мэргэжил тус бүрийн хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулна.

6.3.4.  Бакалаврын зэрэг олгох  эчнээ хэлбэрийн 3 жилийн сургалтад элсэхийг хүссэн журмын 4.3.3.2 дахь заалтад заасан  алба хаагчдаас ХСИС-ийн элсэлтийн комисс тухайн хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын журамд заасан суурь ба хавсралт шалгалтуудыг авч, нийлбэр оноог буурах эрэмбээр жагсааж, хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулна.

6.4.    Удирдлагын сургуульд элсэхийг хүссэн журмын 4.3.4 дэх заалтад заасан шаардлагыг хангасан элсэхийг хүсэгчдээс “Удирдлагын сургуульд элсүүлэн суралцуулах журам”-аар тогтоосон шалгалтуудыг авч, тухайн агентлаг, байгууллагад оноогдсон мэргэжил тус бүрийн хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулна.

6.5.    Магистр, докторын зэрэг олгох сургалтад элсэхийг хүссэн журмын 4.3.5 дахь заалтад заасан шаардлагыг хангасан элсэхийг хүсэгчдээс “Магистр, докторын сургалтын журам”-аар тогтоосон шалгалтуудыг авч, ХСИС-ийн захирлын баталсан мэргэжлийн чиглэл, хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулна.

ДОЛОО. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ СУДЛАХ

7.1.  Элсэлтийн комисс нь мэргэжлийн боловсрол олгох сургалтад элсэхийг хүсэгчийг  Хууль сахиулах албанд анх орох, суралцах иргэнд тавих тусгай шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлох судалгаанд хамруулах ажиллагааг зохион байгуулна.

7.2. Судалгаанд Хууль зүйн яамны харьяа захиалагч агентлаг, байгууллагуудын холбогдох нэгжүүд  шаардлагатай мэдээллээр шуурхай ханган, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

7.3. Судалгааг зохион байгуулах хугацааг тухайн хичээлийн жилийн элсэлтийн шалгалт зохион байгуулах  журмаар тогтооно. 7.4. Судалгаанд ХСИС-ийн элсэлтийн шалгалтад орж, хяналтын тоонд багтан тэнцсэн элсэгчдийг хамруулан явуулна.

7.5. Судалгаанд тэнцээгүй элсэгчийг хяналтын тооноос хасаж, тэнцсэн элсэгчдийн жагсаалтын дараачийн элсэгчид суралцах эрхийг шилжүүлэн олгоно.  

7.6. Судалгааны дүнг цахим хаягаар судалгаанд хамрагдсан элсэгчид илгээх ба нийтэд зарлан мэдээлнэ.  

НАЙМ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ

8.1. Хууль сахиулах албан үүрэг гүйцэтгэх явцдаа онцгой гавьяа байгуулсан, тухайн агентлаг, байгууллагын ажил мэргэжлийн болон хөдөлмөрийн аваргаар шалгарсан, спортын өндөр амжилт гаргасан алба хаагчдыг харьяа агентлаг, байгууллагын саналыг үндэслэн хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэн суралцуулж болно.

8.2. Суурь ба хавсралт шалгалт өгсөн хичээлээр сүүлийн нэг жилд олон улсын болон улсын олимпиад, уралдаанд шагналт байранд шалгарсан элсэхийг хүсэгчдэд  хөнгөлөлт үзүүлж болно.

8.3.         Энэ журмын 8.1 дэх хэсэгт заасан хөнгөлөлттэй нөхцлөөр суралцах элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь авбал зохих босго онооны 60 хувиас багагүй байна.

8.4.         Бүртгэгдсэн элсэхийг хүсэгчдээс олон улс, тив, дэлхий, олимпийн спортын уралдаан тэмцээнд оролцож 1-3 дугаар байранд шалгарсан, спортын болон олон улсын хэмжээний мастерын зэрэгтэй тамирчдыг 6.1.3.1 дэх заалтад  заасан  “Бие бялдар”-ын  шалгалтаас чөлөөлж авбал зохих  дээд оноогоор тооцно.

8.5.         Хууль сахиулахын их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөгчийг “Төгсөлтийн шалгалт”-ын комиссоос магистрын сургалтад, магистрын зэрэгтэй төгсөгчийг “Хамгаалуулах зөвлөл”-өөс докторын сургалтад суралцах урилга өгсөн бол элсэлтийн шалгалтгүйгээр суралцуулна.

8.6.         Энэ журмын 8.1-8.5 дахь хэсгүүдэд хамаарах хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэн суралцуулах асуудлыг салбар комиссын хуралдаанаар хэлэлцэж, төв комиссын даргад танилцуулж, шийдвэрлэнэ.

ЕС. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

9.1.         ХСИС-ийн боловсролын зэрэг олгох бүх төвшний сургалтын элсэлтийн шалгалтад тэнцсэн  элсэгчдийг тухайн төвшний сургалтын элсэлтийн шалгалт зохион байгуулах журмаар тогтоосон хугацаанд холбогдох   баримт бичгүүдийн эх  хувийг үндэслэн бүртгэнэ.

9.2.         Элсэгч журмаар тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд суралцахаас сайн дураараа татгалзсанд тооцож хасах бөгөөд тэнцсэн элсэгчдийн нэрсийн жагсаалтын дагуу дараагийн элсэхийг хүсэгчид  суралцах эрхийг шилжүүлэн олгоно.

АРАВ. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТТАЙ ХОЛБООТОЙ ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ

10.1.      Элсэлттэй холбоотой өргөдөл, хүсэлтийг салбар комиссын даргад гаргана.

10.2.      Иргэдээс гаргасан өргөдөл, хүсэлтийг зөвхөн тухайн төвшний сургалтын  элсэлтийн шалгалт зохион байгуулах журмаар  заасан   хугацаанд  хүлээн авч, шийдвэрлэнэ.

АРВАН НЭГ. ШИЙДВЭР ГАРГАХ

11.1. Төв комисс боловсролын зэрэг олгох сургалтын бүх төвшний элсэлтийн шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсан элсэгчдийн цахим хаягаар тухайн сургалтын элсэлтийн шалгалт зохион байгуулах  журмаар тогтоосон хугацаанд тэнцсэн тухай мэдээллийг илгээх ба нийтэд зарлан мэдээлнэ.

11.2. Төв комисс боловсролын зэрэг олгох сургалтын бүх төвшний элсэлтийн шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсан элсэгчдийн оноо, нэрсийг  ХСИС-ийн захиралд танилцуулна.

11.3.      ХСИС-ийн захирал тэнцсэн элсэхийг хүсэгчдийн суралцах эрхийг тушаал гаргаж,  баталгаажуулна.

11.4.      ХСИС-ийн захирлын элсүүлэн суралцуулах тушаал, элсэгчдийн нэрсийг захиалагч агентлаг, байгууллагуудын холбогдох нэгжид  тухайн төвшний сургалтын элсэлтийн  шалгалт зохион байгуулах журмаар тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

11.5.      Захиалагч агентлаг, байгууллагуудын холбогдох нэгж элсэгчдийн суралцах эрхийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

11.6.      ХСИС-ийн элсэлтийн төв комиссын дарга  элсэлтийн шалгалтын  зохион байгуулалт, явц, үр дүнгийн  тайланг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргад тайлагнана.

АРВАН ХОЁР.  ЖУРАМ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

12.1.Энэхүү  журмыг зөрчигчдөд холбогдох хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

12.2.Элсэлтийн цахим бүртгэлийн санд  бүртгүүлсэн мэдээллийг холбогдох баримт бичгүүдийн эх хувьтай тулгаж, худал мэдүүлсэн тохиолдолд хүчингүйд тооцож, тэнцсэн элсэгчдийн жагсаалтаас хасна.

12.3.Элсэгчийн иргэний болон боловсролын үнэмлэх, диплом, бусад баримт бичиг засвартай, хуурамч болох нь тогтоогдсон тохиолдолд элсэгчдийн жагсаалтаас  хасаж, уг бичиг, баримтыг шалгуулахаар харьяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлнэ.

12.4.Элсэлтийн шалгалтын үйл ажиллагаатай холбоотой учирсан хохирлыг буруутай  этгээд хариуцна.

СУРГАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Scroll To Top