Бусад үйлдвэрлэл

Засан хүмүүжүүлэх байгууллагын бусад үйлдвэрлэлд оёдол, гар урлал, мужаан дархан, мал аж ахуй, газар тариалангийн ажлыг хамааруулан авч үзэх нь зүйтэй.

Эхлээд гяндангийн дэргэд, дараа нь ЗХҮЛ ба ХАУГ-ын төвийн лагерийн харьяанд зөөлөн оёдол, гутал, гар урлал, арьс, нэхий элдэх жижиг үйлдвэр-цех ажиллаж байжээ. Чамин хийцийн гутал, нохой дах, дэгтий болон гар урлалын бүтээгдэхүүнийг нэгэн үе хорих байгууллага үйлдвэрлэдэг байсан байна.

Зөөлөн оёдлын үйлдвэрийг 1950-иад оноос ЗХҮЛ ба ХАУГ-ын Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтсийн хотын тасагт, 1960-аад оноос засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын материал хангамжийн хэлтсийн харьяанд ажиллуулж байгаад 1974 оноос Баянзүрхэд бие даасан анги байгуулан аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулах болжээ. Энэ анги 1970,1980- аад оны үед ЗХБУГ -ын системийн бүх төрөл, дэглэмийн ангид хоригдож байгаа хоригдлуудын нэг загварын хувцас оёх, гар хивс үйлдвэрлэх /40-өөд оноос хоригдлууд гэрийн мод, гар хивс хийдэг байв/ ажлыг үндсэн гол үйлдвэрлэлээ болгож ирсэн байна. Түүнчлэн “Мандухай цэцэн” кинонд хэрэглэгдсэн хувцас өмсгөл, Хатны гэрийн бүрээсийг хийсэн, намрын тариа хураалтын үед Улсын ургацын комиссоос нэг бус удаа яаралтай захиалга авч шуудай оёх зэрэг цаг үеийн шаардлага захиалгатай ажлуудыг хугацаанд нь, чанартай биелүүлж байсан тухайгаа ЗХХБ-ын ахмад ажилтан, Эмэгтэйчүүдийн бие даасан хорих ангийн /колони/ анхны даргаар томилогдон 23 жил ажилласан, бэлтгэл хурандаа Д. Дэнсмаа дурсамждаа өгүүлжээ. Мөн тэрээр Филатова-Цэдэнбалын даалгаврыг биелүүлж явснаа болон удирдсан анги нь VI, VII, VIII таван жилийн төлөвлөгөөг 111,5-128,6 хувиар биелүүлснийг ч дурдсан байдаг.

Засан хүмүүжүүлэх байгууллага 1940 оноос Увс, Булган, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутагт томоохон хэмжээний газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн, 30-аад оны үед Зүүнхараад гурилын тээрэм ажиллуулж ард түмний хэрэгцээнд гурил нийлүүлж байсан нь манай улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн эхлэл, зарим Сангийн аж ахуй байгуулагдах үндэс тавигдахад чухал нөлөө үзүүлсэн гэж үзэж болох талтайг нотлох түүхэн баримтууд ч байдаг. Жишээ нь: 1939-1949 онд ДЯЯ-ны Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериуд ба хорих ангиудыг удирдах газрын санхүүд байцаагч, хэлтсийн дарга, газрын орлогч даргаар ажиллаж байсан Ж.Сандуйжав гуай дурсамжаа “…Онон, Ерөө, Алтанбулаг, Зүүнхараа, Борнуур, Жаргалантын аж ахуйнууд нь лагер нэртэй ажиллаж байв… Жилдээ 360 тн спирт үйлдвэрлэж улсдаа нийлүүлж байлаа” хэмээн өгүүлжээ.

Харин Хараагийн лагерь зөвхөн 1951 онд 4672 га-д арвай, Улаан буудай тариалан га-гаас дундажаар 9,9 центнер ургац хураан авч, төлөвлөгөө 118,9 хувиар биелүүлж байсныг дурдах нь зүйтэй. Монгол оронд газар тариалан эрчимтэй хөгжсөн үед /1996/ ч нэг га-гаас авсан ургацын улсын дундаж хэмжээ 9,4 центнер, 1999-2000 онд бүр 5-6 болж буурсаныг 50-иад жилийн өмнөх Хараагийн лагерийн гар ажиллагаа зонхилсон үеийнхтэй харьцуулахад энэ салбарт Засан хүмүүжүүлэх байгууллага ихээхэн үр ашигтай ажиллаж байсан нь харагдаж байна.

Түүнчлэн 60-аад онд Буйр нуурт загасны үйлдвэр ажиллаж байв.

Улаанбаатар төмөр замын ахмад ажилтан Б.Бөмбөг 2008.06.16-нд бичсэн дурсамждаа “1956-1958 онд Хонхор өртөөнөөс Налайхын Их уурхай хүртэл 14 км салаа өргөн төмөр замыг барьж байгуулахад УБТЗ, Авто замын хэрэг эрхлэх газар, Төв хорихынхон хамтарч оролцсон… Манай замын мастер Ш.Түгж (Хожмоо Хөдөлмөрийн баатар болсон)-ийн удирдлага дор 800-аад хоригдол ажиллаж байсан юм… Энэ төмөр замаар 50-иад жил нүүрс тээвэрлэгдэж, хүмүүс зорчсоор байна. Ийм буянтай ажлын суурийг тавилцсан Төв хорихынхоны нөр их хөдөлмөр, оруулсан хувь нэмрийг бид мартах учиргүй” гэж өгүүлсэн байдаг.

Мөн Засан хүмүүжүүлэх байгууллага усан замын тээвэр эрхэлж байсан түүх бас бий. Энэ тухай ахмад ажилтан Лувсанжамбын Битогтох дурсамждаа “Усан замын 3-р лагерь гэж Туул голын эхэнд байсан бөгөөд өвөлд нь бэлдсан модоо зун салдаж хот оруулаад зохих байгууллагуудад худалддаг байлаа… Энэ лагөрь 1959 оны сүүлчээр Мишигдорж даргын үед татан буугдсан юм” гэжээ.

1970, 1980-аад оны үед хорих ял эдлэгсдийг мужаан, дарханы ажилд сургах, мэргэшүүлэх ажил тодорхой бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулагдах болов.

Ялангуяа Хархорин дахь хорих ангийн удирдлага, хамт олны идэвхи зүтгэл, “Алтан гар”-тай хоригдлуудын авъяас чадварын үр дүнд Монгол гэрийн мод, доторх иж бүрэн тавилгыг урлагийн бүтээл болох хэмжээнд сийлбэрлэн хийж, төр засгийнхаа Үйлчилгээ аж ахуйн газарт хүлээлгэн өгсөн баримт бий.

Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони бүр мал, гахай, шувуу үржүүлэх, төмс, хүнсний ногоо тариалах чиглэлээр туслах аж ахуй хөгжүүлэхэд ихээхэн анхаарсны ачаар ЗХХБ-ын системд 1988 оны эцэст 42 орчим мянган толгой мал тоологдсоны дээр 110 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, улсын дунджаас доогуургүй хэмжээний ургац хураан авсан байна.

Туслах аж ахуйг эрхлэн хөгжүүлэх ажлыг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий албыг ЗХХБ-ыг удирдах газарт байгуулсан, колони дундын туслах аж ахуй байгуулах замаар олон жижиг аж ахуйг нэгтгэсэн зэрэг нь тухайн үедээ үр дүнгээ өгч байжээ. 1987 он гэхэд ЗХХБ нийт ажилчин албан хаагчдын хэрэгцээнд 350 тонн мах нийлүүлж, нийт хэрэгцээт махны 70 гаруй хувь, мөн ялтны хэрэгцээнд шаардагдах махны 24 хувийг, албан хаагчдын хэрэгцээний төмс, хүнсний ногооны 80 орчим хувийг өөрийн туслах аж ахуйгаас хангадаг болсон байв.

Харин Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Цоохор морьтын нурууны хавьд суурьшсан нэгдсэн туслах аж ахуйг 1990 оноос тараасны дээр анги, колониудын ногоо тариалах, гахай, шувуу, туулай үржүүлэх ажил нэг хэсэгтээ зогсонги байдалд орсон зэрэг нь Засгийн газраас 1991 оны 9 дүгээр сарын 10-нд “Норматив батлах тухай” 268 дугаар тогтоол гаргаж ЗХХ-ийн байгууллага шаардагдах махныхаа хэрэгцээг өөрөө хангаж байх тухай заалтын хэрэгжилтэнд муугаар нөлөөлсөн юм.

Тухайн үеийн нам, төрийн дээд байгууллагаас даалгасан цаг үеийн чанартай, шахуу хугацаатай үүргийг биелүүлэхэд ЗХБ-ын удирдлага, офицер, ажилтнуудаас хоригдлын хүчийг дайчлан зөв зохион байгуулж, амжилттай ажиллаж ирсэн жишээний зарим нэгийг дурдваас:

Аугаа их Эх орны дайны хүнд үед Монголын ард түмэн “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор ажиллаж, бүтээсэн бүхнээ Зөвлөлтийн Улаан Армид бэлэг болгоон өгч байсан түүхтэй. Түүхэн энэ цаг үед хорих байгууллагын офицер ажилтануудаас хоригдлын дунд өрнүүлсэн улс төр, хүмүүжлийн ажлын үр дүнд тэдний хөдөлмөрийн идэвх өрнөж, ингэснээр нэг хоригдол хоногт 36 нэхий дээл оёж, 11 ширхэг эсгий гутал гараар хийж байсан тухай ахмад санхүүч Ж.Сандуйжав гуай бахархан өгүүлсэн байдаг.

НАХЯ-ны сайд 1950 оны 12-р сарын 2-д “Солонгосын Ардын Чөлөөлөх Армид явуулах бэлгийн хувцасыг оёж бэлтгэх тухай” 2059 тоот тушаал гаргажээ. Энэ тушаалын заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗХБ-ын үйлдвэрүүд бээлий 10000 хос, хөвөнтэй өмд, цамд 1500 хос, үстэй дээл 1000 ширхэгийг оёх даалгавар авч яаралтай биелүүлэх ажил зохиогдсон юм. Мөн 40 мянган ширхэг хонины арьсыг хоригдлын хүчээр халимлан угааж цэвэрлээд аж үйлдвэрийн комбинатад өгч байжээ.

НАХЯ-ны сайдын 1950 оны 2059 тоот тушаалын заалт хэрэгжсэн төдийгүй Монголын ажилчин анги, тухайн үеийн Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериуд ба хорих ангиудыг удирдах газрын харьяанд ял эдлэгдсдээс Солонгосын Ардын чөлөөлөх армийн дайчидад зориулан хийсэн зүйлс төдийлөн удалгүй зохих эзэддээ хүрч байсныг илтгэх түүхэн баримт байдгийг сийрүүлье.

Хуульч, сэтгүүлч, доктор Ширчингийн Сүхбаатар бүтээлийнхээ “Тодотгол” бүлэгт “Ж.Самбуугийн хувийн тэмдэглэлийн дэвтэрт монгол бичгээр ихэд нямбайлан бичсэн баримт сэлтээс үзвэл 1950 оны 12 дугаар сараас эхлэн 1952 оны 11 дүгээр сарын 27-ыг хүртэл нийтдээ 9 удаагийн бэлэглэлээр солонгосчуудад ёстой л тусламжийн өгөөмөр гараа сунгажээ

Нэгдүгээр бэлэглэлээр үстэй богино нэхий дээл 5500, шинель 4500, эсгий гутал хосоор 10000, хүүхдийн өмд цамц 10000, ажлын болон үстэй бээлий тус бүр 10000-ыг бэлгэлснийг… Ж.Самбуу 1950 оны 12 дугаар сарын 26-нд БНАСАУ-ын Засгийн газарт хүлээлгэн өгсөн” тухай дурдажээ. Энэ нь нэг талаас монголчуудын хийж бүтээсэн, нөгөө талаас БНАСАУ-д хулээлгэн өгсөн дулаан хувцас хэрэгслийн нэр, тоо, он цагхугацаа хоорондоо тохирч байгаа нь түүх түүхээрээ үлдэдгийн маргаангүй тод жишээг харуулж байна.

БНМАУ-ын СнЗ, МАХН-ын Төв Хорооноос 1954 оны 3 дугаар сарын 13-нд “Ямаа самнах сам хийх тухай” 75/15 дугаар тогтоол гаргаж, 10000 ширхэг сам яаралтай хийхийг Засан сайжруулах газарт даалгажээ. Энэ даалгаврыг биелүүлэхтэй холбогдсон ажлыг ЗХҮЛ ба ХАУГ-ын даргын тушаалаар зохион байгуулж оёдлын үйлдвэрээр 7000, Төв хорихоор 3000 ширхэг самыг 04 дүгээр сарын 10-нд багтаан хийлгэсэн байна.

Засан хүмүүжүүлэх байгууллагын үйлдвэрлэл, хоригдлын хөдөлмөр зохион байгуулалтын түүхэн хөгжилтөөс үзэхэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь 70-аад он хүртэл бүхэлдээ өөрийн үйлдвэрийн бааз дээр тулгуурлан явагдаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл ЗХХБ нь бусад үйлдвэрийн газартай хорших хэлбэрээр хамтран ажиллах практик төдийлөн тогтоогүй байна. Мөн ял эдлүүлэх дэглэмийн онцлогоос шалтгаалан бусад үйлдвэрийн газарт хоригдлыг ажиллуулах явдал ч хязгаарлагдмал явж иржээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн “Хоригдлыг гэрээгээр ажиллуулах явдпыг журамтай болгох тухай” 1970 оны 170 дугаар тогтоолд “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газар ажил гүйцэтгэх тодорхой үүрэг аваад гаргасан бүтээгдэхүүнээ өөрөө борлуулдгаас бусад нөхцөлд хоригдлыг өөр газар, байгууллагад өгч ажиллуулахыг аль болохоор багасгаж, хэрэв зайлшгүй шаардлага гарвал ажиллуулсан нэг хоригдпын хөлсийг өдөр тутам 25 төгрөгөөр бодож байхаар тогтоосугай” гэжээ. Мөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони нүүлгэх, суурьшуулах тухай” 1983 оны 133 дугаар тогтоолд “…Өндөрхааны тоосгоны завод, Батширээтийн модны үйлдвэрлэлийн боловсруулах цехэд тус бүр нэг отряд буюу 60-80 хүн гэрээгээр ажиллуулахыг Нийгмийг Аюулаас хамгаалах Яаманд зөвшөөрсүгэй” гэж заасан байна. Энэ байдлууд нь ЗХХБ-ын өөрийн үйлдвэрээс гадна хоригдлыг бусад үйлдвэр, байгууллагад гэрээгээр ажиллуулж болох эрх зүйн үндэслэл, зарим эхлэл тавигдаж эхэлснийг харуулж байна.

Энэ талын хамтын ажиллагааны томоохонд тооцогдох жишээ бол Мааньт дахь чанга дэглэмтэй хорих ангийн шохойн чулуу олборлох, боловсруулах үйлдвэр Эрдэнэтийн уулын баяжуулах комбинатад бүтээгдэхүүнээ нийлүүлэн олон арван жил хоршин ажиллаж ирсэн явдал юм.

Засан хүмүүжүүлэх байгууллагын хөдөлмөр зохион байгуулалтанд хүүхэд, эмэгтэйчүүдийн болон гяндангийн хоригдлын хөдөлмөр нилээд онцлог байр суурь эзэлдэг. Улсын хэмжээнд мөрдөгддөг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга техникийн дүрмийн заалт бүх төрөл, дэглэмийн хорих ангид ял эдлэгсдэд нэгэн адил хамаарагдах боловч хүүхэд, эмэгтэйчүүдэд бусад хоригдлоос илүү ая таатай байдлаар тусдаг байв.

Хүүхэд, эмэгтэйчүүдийг хортой нөхцөлд, илүү цагаар ажиллуулахыг тус тус хориглохын зэрэгцээ хоригдол хүүхдийгхорогдуулсан цагаар ажиллуулж, үлдэх цагт ерөнхий боловсролын болон мэргэжил эзэмшүүлэх сургалтанд хамруулж ирсэн байна.

Гяндангийн хоригдлын хөдөлмөрийг тэдний ял эдлүүлэх дэглэмийн онцлогоос болж зөвхөн гяндангийн байранд зохион байгуулахаар хуульчлагдсан юм. Гэвч гяндангийн хоригдол өнгөрсөн түүхэн он жилүүдийн бүхий л хугацаанд тасралтгүй хөдөлмөр эрхэлж байгаагүй болох нь тодорхой байна.

Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтсийн даргын 1959 оны 4 дүгээр сарын 22-ны “БНМАУ- ын Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 15 дугаар протоколыг биелүүлэх арга хэмжээний тухай” 0107 тоот тушаалд: Гяндангаас тушаалаар хөдөлмөрт шилжих болсон хоригдол Осорын Норовсамбуу нарын 21 хүнийг 4 дүгээр сарын 17-ноос эхлэн гяндангаас гаргаж хүч нэмэгдүүлсэн харуултай колонид шилжүүлэн хөдөлмөрлүүлэхийг заажээ. Энэ бол гяндангийн хоригдлыг анхлан ажил хөдөлмөр эрхлүүлэхэд чиглэсэн гэж үзэж болох онцгой арга хэмжээ байлаа.

Мөн ЗХБУГ-ын даргын 1971 оны 3 дугаар сары 25-ны 59 тоот тушаалд, Улсын төв шоронгийн гяндангийн хатуу ба жирийн дэглэмийн хоригдлуудын хүчийг ашиглан үйлдвэрлэл явуулж, тэднийг хөдөлмөрт дасгах ажлыг ойрын үөд зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгажээ. Мөн газрын даргын 1985 оны 7 дугаар сарын 15-ны 609 тоот тушаалаар Авдрантын гянданд хоригдож байгаа ялтнуудаар талбайн болон гишгүүрийн чулуу, хавтан үйлдвэрлэх ажил хийлгэх болсон байна.

Эцэст нь тэмдэглэхэд Засан хүмүүжүүлэх байгууллагын үйлдвэрлэл, хөдөлмөр зохион байгуулалтын түүх бол Монгол Улсын үйлдвэржилт, бүтээн байгуулалтын түүхийн салшгүй нэгэн томоохон хэсэг байсан гэж үзэх нь шударга ёс,түүхэн үнэнд нийцэхсэн билээ. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа агсан Дэндэвийн Аварзэд гуай дурсамждаа “Засан ер нь манай улсын үйлдвэр аж ахуйн бараг бүх салбарын эх үндсийг тавьсан юм шүү дээ. Тухайн үеийн үзэл суртлын явцуурлаас болоод, өөрөөр хэлбэл социализмын эдийн засгийн гол салбаруудын суурийг засангийнхан тавьсан болчих гээд байсан тул энэ үнэнийг дурддаггүй байсан. Онон, Хараа, Ерөө, Жаргалант гээд газар тариалангийн САА-н тулгын чулууг засангийнхан тавьсан, гар үйлдвэрлэл эрхэлж, алт олборлож, байшин барилга сүндэрлүүлж мөн ч их зүйл бүтээсэн дээ”хэмээн өгүүлснийг түүхийн амьд гэрчийн няцаагдашгүй үнэн үг гэлтэй. Мөн хошууч генерал Ж.Содном гуай дурсамжиндаа “…1940-өөд онд Эх орны дайны хүнд жилүүдэд усан тээрмийн аргаар өдөрт 20 тн бор гурил үйлдвэрлэж өөрсдийн болон ард иргэдийн зарим хэсгийн хэрэгцээг хангаж байсан… Хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр, барилга, барилгын материалын анхны эх суурийг Засан хүмүүжүүлэх байгууллага тавьсны дээр нэр цууд гарч байсан олон Сангийн аж ахуйнууд эндээс эх үүсвэртэй гэдгийг түүхэнд үнэн зөвөөр нь нэрэлхэлгүй гаргаж ирэх цаг нь болсон гэж бодож явдаг” гэж дурдсан байдаг.