Байгууллагын бэлгэ тэмдэг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын туг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын туг нь сүлд, далбаа, ишнээс бүрдэнэ.

Тугийн сүлд нь гилбэр, орой, залаа, бүчтэй байна. Гилбэр нь нэгэн үзүүрт зорилгыг бэлгэдсэн шовх хэлбэртэй, 25 см урттай, орой нь дугариг хэлбэр бүхий гууль, зэсээр хослуулан бүрсэн, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг бэлэгдсэн өргөн хүрээтэй 3 үе бүхий голчтой суурь, хүрээн дээрээ зол жаргалыг бэлэгдсэн цагаан мөнгөн үүлэн хээтэй, оройн суур нь 81 сүвэгчтэй байна.

 Залааг цагаан (бор, шарга) зүсмийн адууны 40 см урттай хөхөл дэлээр хийнэ. Дөрвөн бүчийг улаан өнгийн торгомсог эдээр дээрээс доош өргөссөн шовх үзүүртэй хэл гарган хийж залааны гадуур унжуулан хооронд нь бүслүүрээр холбон уулзвар дээр нь цалин цагаан мөнгөөр товойлгон хийсэн 2,5 см голчтой толийг бэхэлнэ. Гилбэр оройг онгиор холбож тугийн ишинд бэхэлнэ.

Тугийн ишинд уяж хийсгэх далбаа нь цэнхэр өнгөтэй 150х90 см-ийн хэмжээтэй байх бөгөөд даавуу /хилэн/-гаар давхарлан үйлдэнэ. Үзүүртээ шар өнгийн торгон эдээр хийсэн 45х10 см-ийн хэмжээтэй тэгш өнцгөөр байрласан, хоорондоо тэнцүү зайтай гурван хэлтэй байна. Тугийн нүүрэн тал /иш нь зүүн гар талдаа байхад/-д 30 см-ийн өргөнтэй соёмбыг тугийн дээд ирмэгээс 20 см-ийн зайд “МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ” гэсэн бичээсийг гурван эгнээ оёсон байна. Тугийн ар талд “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТУГ” гэсэн бичээсийг оёсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бэлгэ тэмдэг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бэлгэ тэмдэг нь товойлгон дүрсэлсэн, зууван хэлбэрийн хөх өнгийн дэвсгэртэй, түүний дагуу хэрэм мэт бат бэхийг илэрхийлсэн давхар хүрээтэй байна.

Хүрээний дотор хэсгийг дагуулан дээд хэсэгт алтан шаргал өнгөөр “ШҮҮХИЙН ШИЙДВЭР”, доод хэсэгт “ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА” гэж нэрийг хүндэтгэлтэйгээр тодотгон бичсэн, хүрээний дотор хэсгийн хоёр талд нь эв нэгдлийг бэлгэдсэн хос загас буюу арга билгийг голлуулан байрлуулсан.

Бэлгэ тэмдгийн гол хэсгийн дэвсгэр нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын билгэдэл улаан өнгөтэй.

Бэлгэ тэмдгийн гол хэсэгт эр зориг, шударга ёс, хурд хүчний шинжийг агуулсан хоёр жигүүрээ тэгш хэмтэйгээр дэлгэн соргог харж, сарвуугаа дэлгэсэн бүргэд шувууг дүрсэлнэ. Бүргэд шувууны бие хүрэн бор өнгэтэй, хошуу, сарвууг алтан шаргал өнгөөр ялган дүрсэлсэн байна.

Бүргэд шувууны дээд хэсэгт, хөх өнгийн дэвсгэр дээр алтан шаргал өнгөтэй соёмбо байрлуулсан байна.