Үйлдвэрлэл, хөдөлмөр зохион байгуулалт

Гэмт хэрэг үйлдэж олон нийтээс тусгаарлагдан хорих ял эдэлж байгаа хүмүүсийг хүмүүжүүлэхэд нийгмийн тустай хөдөлмөрийн үр нөлөө асар их болохыг засан хүмүүжүүлэх байгууллагын түүхэн хөгжлийн явц харуулсан юм.

Хоригдлын хөдөлмөрийг зөвхөн төрөөс баталсан хуульд заасан чиглэл, нөхцөлд захируулан зохион байгуулах явдал Засан хүмүүжүүлэх байгууллагын нэг чухал үүрэг байлаа. Монгол Ард Улсын дотор аливаа хэрэгтэн ялтанг засан сайжруулах ажлын тухай хуульд (1931 он) “Хоригдогсдын дотроос ажил үйлдвэрийг хийж чадахыг нь эрх биш бүгдийг нь ажилд хэрэглэх бөгөөд уул хоригдогсдоос хэн аль нь ямар ажилд авьяастай, мэдэх чадах нь юу болох, тэдгээрээс урьд хийж байсан ажил ба биеийн эрүүл мэнд ямар болохыг хянан үзэж харгалзан гүйцэтгэвээс зохимой” хэмээн заажээ. Харин 1966, 1993 оны хуулиудад хоригдлыг албадан хөдөлмөрлүүлэх, 1981 оны хуульд хоригдол заавал хөдөлмөрлөх, 1996, 2002 оны хуульд ял эдлүүлэх байгууллага хоригдлыг хөдөлмөрөөр хангах үүрэгтэйг онцлон заасан байна.

Хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр тухайн үеийн нам, төрийн дээд байгууллага, Дотоод яам, НАХЯ-наас болон Хөдөлмөр-нийгэм хангамжийн төв байгууллагуудаас олон арван тогтоол, тушаал, заавар гарч, тэдгээрийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулагдаж иржээ.

Хорих ял эдлүүлэх байгууллагын эрхлэх үйлдвэрлэлийн чиглэл, байршлыг зөв тогтоож, хоригдлыг ажлаар хангахад төрөөс зохих анхаарал тавьж ирсэн нь энэ чиглэлээр удаа дараа гаргасан баримт бичгийн агуулгаас тодорхой харагдаж байна. Эдгээрийн дотор түүхэн томоохон байр суурь эзлэх шийдвэр бол 1929 оны 6 дугаар сарын 14-нд Засгийн газрын 09 дүгээр хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 55 дугаар хурлаар баталсан нь “Аливаа хэрэгтэн ялтнаар ажил үйлдвэрлэл хийлгэх тухай дүрэм” юм.

Засан хүмүүжүүлэх байгууллагын үйлдвэрлэл нь 50-иад оны эхэн үе хүртэл гар урлал, мал аж ахуй, газар тариалан эрхлэх, барилга барих, барилгын модон материал бэлдэх, тоосго үйлдвэрлэх зэрэг чиглэлээр хөгжиж ирсэн байна.

ЗХБ-ын үйлдвэрлэлийн салбарыг нэмэгдүүлэх, гар ажиллагааг механикжуулах, хоригдолд хөдөлмөрийн дадлага олгох, мэргэжил эзэмшүүлэх ажил 60-аад оноос нилээд эрчимжсэний нэг жишээ бол БНМАУ-ын СнЗ-өөс 1960 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Засан хүмүүжүүлэх байгууллагын үйлдвэрлэлийн чиглэлийн тухай” 86 дугаар тогтоол гаргасан явдал юм.

1961 оны 1 дүгээр сарын 1-нээс хорих ял эдлүүлэх байгууллага 21 төрлийн ажил үйлдвэрлэл эрхлэх болж, сайдын 1960 оны 765 тоот тушаалаар холбогдох нормыг батлав. Тухайлбал: Гуалин, түлээ бэлтгэх, мод чирэх, мод ачиж буулгах, бетон эдлэл хийх, Р-65 рамаар мод зүсэх, мужааны төрөл бүрийн ажил, оёдол эрхлэх, төмөр эдлэл хийх, арьс элдэх, өвс хадлан бэлтгэх, ногоо тариалах, барилгын суурийн чулуу бэлтгэх, гар аргаар туйпуу цохих, газар шорооны ажил хамрагджээ.

СнЗ-өөс 1963 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 328 дугаар тогтоол гаргаж Дорноговь аймгийн Хар-Айраг суманд хайлуур жонш гаргах, Төв аймгийн Баян сумын Мааньт өртөөний дэргэд шохой гаргах, боловсруулах үйлдвэрүүд байгуулахаар заасан билээ. Ингэж Засан хүмүүжүүлэх байгууллагын үйлдвэрлэлийн төрөлд уул уурхайн үйлдвэрлэл шинээр нэмэгдсэн түүхтэй.

Улсын болон ард олны захиалга, хэрэгцээг харгалзан ЗХБ-ын үйлдвэрлэл, хоригдлын хөдөлмөр зохион байгуулалтын чиглэл баяжин өөрчлөгдөж ирсэн байна. Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулнаас боржин чулуу авч зам, барилгын чимэглэл материал үйлдвэрлэх, түүнчлэн мод бэлтгэхийн зэрэгцээ боловсруулах үйлдвэрүүдийг 70-80-аад онуудад Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Хархорин суурин, Төв аймгийн Мөнгөнморьт, Багануур, Улаанбаатар хотын Хонхор өртөө зэрэгт байгуулсан байна. Мөн мод бэлтгэх ажлыг үржүүлгийн ажилтай заавал хослон явуулах шаардлага хурцаар тавигдсан тул дээрх анги колониуд “нэг мод огтлож, хоёр мод тарих” хөдөлгөөн өрнүүлж, энэ ажлыг хариуцсан биө даасан хэсэг байгуулан ажиллаж, багагүй үр дүнд хүрч байсан түүхэн баримт жишээ олныг дурьдаж болно.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг зөвхөн тооны хувьд төдийгүй нэр төрөл тус бүр дээр нь Нанартай биелүүлэх явдал ЗХБ-ын нэг чухал зорилт байлаа. Ялангуяа 80-аад онд улсын хэмжээнд өрнөсөн бүтээгдэхүүний чанарын төлөө тэмцэлд ЗХБ өөрийн зохих хувь нэмрийг оруулсан билээ,

Засан хүмүүлэх байгууллагыг удирдах газарт чанарын удирдлагын тасаг, хорих анги, колони бүрт бүтээгдэхүүний чанар хариуцсан байцаагч нар ажиллаж байсан нь зохих үр дүн өгчээ. Хархорин дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонийн үйлдвэрлэсэн гэрийн модон эдлэл, Хонхор дахь колонийн барилгын хаалга, цонх, Мөнгөнморьтын зүсмэл материал улсын чанарын атестатчилалаар алтан медалийн болзол хангаж байсны дээр нийт анги колонийн 90-ээд хувийнх нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чанарын 1,11 ангилалд орж байсан билээ. Энэ нь хорих байгууллагын нөхцөл, өөрөөр хэлбэл материаллаг үйлдвэрлэлд ажиллагсдын олонх нь мэргэжлийн бус, түүнчлэн урьд нь хөдөлмөрийг тууштайгаар эрхлэн амьдралын хэрэгцээ болгож байгаагүй хоригдол байдаг онцлогтой харьцуулан үзвэл чамлахааргүй амжилт байсан юм.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг хугацаанд нь чанартай биелүүлэхэд бодитойгоор нөлөөлж ирсэн нэг хүчин зүйл бол социалист уралдааныг офицер албан хаагчид, албадын хооронд, түүнчлэн хоригдлын дунд хөдөлмөрийн уралдааны хэлбэрээр зарлан, 3,5,7,14, 30 хоногийн хугацаанд дүгнэж ирсэн явдал байв.

Хоригдлын дунд зарласан хөдөлмөрийн уралдааныг эрчимжүүлэх гол хэлбэр бол тэдний хөдөлмөрийг үнэлэн ажлын хоногоор шагнах явдал байлаа.

Бүр 1929 оноос эхлэн хоригдлыг ажлын хоногоор шагнаж, эдлэх ялаас нь хасч ирсэн түүхтэй. Энэ ажил улам боловсронгуй болж, олныг хамарсан өргөн цар хүрээтэй зохиогдож ирснийг харуулах зарим жишээг дурьдвал:

ЗСБНХУ байгуулагдсаны 60 жилийн ой угтсан хөдөлмөрийн уралдаанд өндөр амжилт үзүүлсэн 2173 хоригдпыг ЗХБУГ-ын даргын 1972 оны 12 дугаар срын 27-ны 998 тоот тушаалаар 30-60 хоногоор шагнасны дотор тэдний 43-д нь “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын тэргүүний хүмүүжигч” гэрчилгээ олгож, хүн тус бүрийг ажлын 90 хоногоор шагнаж байжээ.

Мөн газрын даргын 1986 оны 12 дугаар сарын 30-ны А/239 тоот тушаалаар 3145 хоригдлыг ажлын 3-60 хоногоор шагнасан байна. Энэ мэтээр хоригдлыг ажлын хоногоор шагнах явдал нилээд хавтгайрч Улсын Прокурорын газрын 1989 оны мэдэгдэлд шүүмжлэгдэж байсан удаатай.

Уралдааныг үе шаттайгаар дүгнэх явцад шинэ бүтээл, оновчтой санал гаргах ажил нэгэн зэрэг өрнөж, олон сайхан зүйлүүд хийгдэж, энэ ажлыг удирдан зохион байгуулах тусгай комисс ажиллаж байсныг илтгэх түүхэн баримт олон бий.

Баримт:1. 1955 онд Түнхэл дэх хэсгийн гражийн дарга Дагвадорж ачигч авто кран, цахилгаан хөрөө хийж хөдөлмөрийн бүтээмжийг 1,8-6,5 хувиар нэмэгдүүлж, 15200 төгрөгийн хэмнэлт гаргаж, бүтээгдэхүүний өөрийн өртгийг 1,5-7,5 хувиар хямдруулсан тул 1000 төгрөгөөр шагнах /ДЯЯ-ны Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериуд ба хорих ангиудыг удирдах газрын даргын 1955 оны 7 дугаар сарын 10-ны 253 тоот тушаал/.

  1. Хоригдол Балдандоржоос Улсын барилгын гуалин ачих гар ажиллагааг хөнгөвчлөх гинжин кран хийх саналыг дэмжин хөрөнгө зарах…. краныг 7 дугаар сарын 1-нд ашиглалтанд оруулах /Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтсийн даргын 1958 оны 4 дүгээр сарын 16-ны 89 тоот тушаал/.
  2. Нэгдүгээр лагерийн нэг дүгээр колонид хоригдож байсан хоригдол Намсрай овогтой Гомбын санаачлан бүтээсэн 1,5-2,5 квт-ын хүчин чадалтай 4 ширхэг динам бүхий 5 төрлийн ажиллагаатай мужааны цахилгаанчлагдсан багажуудыг лагерийн үндсэн хөрөнгөнд бүртгэн авч…. Н. Гомбыг үлдсэн ялаас нь өршөөн суллуулахаар Улсын Их Хурлын Тэргүүлэгчдэд хүсч тодорхойлох /мөн хэлтсийн даргын 1958 оны 5 дугаар сарын 31-ний 125 тоот тушаал/.
  3. ЗХБУГ-ын авто баазын жолооч Сэрдамбын Төмөр-Очир самсаволын өөрөө буулгагч чиргүүл санаачилснаар жилдээ 190,5 мянган төгрөгийн ашиг оруулж байгаа тул СнЗ-ийн 1970 оны 415 дугаар тогтоолын заалтыг үндэслэн 4284 төгрөгийн шагнал олгох /ЗХБУГ-ын даргын 1976 оны 8 дугаар сарын 28-ний 334 тоот тушаал/.
  4. Хоригдлын дунд заралсан “ШБОС-79” уралдаанд идэвхтэй оролцсон Бадамын Шарав нарын 14 хоригдлыг ажлын 30-60 хоногоор шагнах. /ЗХБУГ-ын даргын 1980 оны 8 дугаар сарын 1-ний 626 тоот тушаал/.
  5. Биндэр дахь ЗХХ-ийн колонийн хоригдол Авирмэдийн Аюушийн санаачилсан сантехникийн яндан матаж хэрчлээс гаргах төхөөрөмж, шахмал түлш бэлтгэх механизм нь НАХЯ-ны ШБОС-ын комиссын үнэмлэх авч… үр дүнгээ өгч байгаа тул ажлын 50 хоногоор шагнах /ЗХБУГ-ын даргын 1981 оны 10 дугаар сарын 17-ны 718 тоот тушаал/. Энэ мэт олон жишээг дурдаж болно.

Хоригдлын хөдөлмөр зохион байгуулалттай холбогдуулан тэмдэглэвэл зохих зарим онцлог зүйл байдаг. Улсын прокурор зөвшөөрч, НАХЯ-ны сайдын 1983 онд баталсан “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын дотоод журам”-д зааснаар ялтан хэдийгээр эзэмшсэн мэргэжилтэй байлаа ч тэднийг ажиллуулж болохгүй зарим ажил, албан тушаалууд байжээ.

Харин нарийн мэргэжил бүхий хоригдлыг Засан хүмүүжүүлэх байгууллагын зарим үйлдвэрт инженер, мастераар, түүгээр ч үл барам нягтлан бодогч, хөдөлмөрийн тоо бүртгэлийн ажилд ажиллуулж байсан юм. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан Т. Рагчаа хоригдол байхдаа нягтлан бодогчоор ажиллаж байснаа сонины сурвалжлагчид дурсан ярьсан нь зөвхөн нэг жишээ юм.

Хоригдлыг бусад байгууллагад гэрээгээр ажиллуулах явдал 60-аад оноос нилээд зохион байгуулалтанд оржээ. Тухайлбал, СнЗ-ийн шийдвэрийн дагуу Дулаанхаан, Шивэрмандал, Бороо-Сүжигтийн алтны уурхай, Горхи ба Толгойтын гүүрэнд 30-150 хоригдол ажиллуулж, 700 мянган төгрөгийн ажил хийлгэсэн тухай Ерөнхий хэлтсийн 1967 оны тайланд тусгагдсан байна.

Хоригдлыг гэрээгээр ажиллуулах явдал цөөн боловч тасралтгүй явж ирсний жишээ олныг дурдаж болно.